Орчин цагийн жишиг оффис

2020-05-27 297

Өдөр бүр шинэ технологи бидний амьдарлын хэмнэл, ажлын талбарт нэвтэрч, үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байхыг шаардах болсон. Үеэсээ хоцролгүй бүтээмжээ байнга ахиулах эсэх нь хүрээлэн буй орчноос нэн хамааралтай бөгөөд маш чухалд тооцогддог. Тиймээс шинэ эриний залуусын ажиллах арга барилд хуучны уйтгартай өнгө төрхтэй оффис огтхон ч тохирохгүй юм. Цаг үеийн энэхүү шаардлагыг мэдэрч, бизнесийн ирээдүйгээ томоор төлөвлөн амжилт руу тэмүүлж буй эрхмүүд аль хэдийн ажлын орчноо дээд зэргээр шинэчилж, өвөрмөц содон интерьерийг бүрдүүлээд эхэлжээ. Энэ удаа Гэгээ студийн чадварлаг хамт олны нэгэн бүтээл болох орчин үеийн шинэлэг хэв маягтай оффисийн интерьерийг хүргэж байна.

Индустриал, минимал дизайныг хослуулсан уг оффист ойролцоогоор 30-40 хүн ажиллах боломжтой бөгөөд 150мкв, 6 метр өндөр таазтай учраас дизайны зоримог шийдлүүдийг тусган, онцгой деталиудыг шингээсэн байна. Ихэнх ажлын байранд төдийлөн харагдаад байдаггүй хамт олноороо чөлөөт цагаараа кино үзэх булан, ажлын ачаалал ихтэй үедээ түр дугхийх бүхээгүүд болон алжаалаа тайлан цагийг хөгжилтэй өнгөрүүлэх тоглоомын хэсгийг ч бий болгосон нь тун догь. Мэдээж угтах хэсэг, хурлын том, жижиг өрөө, хүлээлгийн хэсэг, кофены хэсэг, борлуулалт, маркетингийн ажилчдын тав тухыг хангах нам гүм орчинтой.

Онцлох бас нэгэн шийдэл нь дүүжин сандал, ширээ байв. “Хөлгүй” ширээ, сандал нь орчныг том орон зайтай харагдуулахаас гадна сууж ажиллах үед хөл чөлөөтэй байх учраас тав тухтай. Ажлын стрессийг нимгэлж, байгалийн хөнгөн мэдрэмжийг үүсгэхийн тулд тасалгааны ургамлуудыг ашиглажээ. Мөн аль болох хурц ирмэг, өнцөг үүсгэхээс зайлсхийн дугуйрсан хэлбэрийг түлхүү сонгосон нь учиртай ажээ. Өнцөггүй, дугуй хэлбэр нь хүний сэтгэл зүйд аюулгүй, эерэг мэдрэмжийг төрүүлж, бүтээлч хандлагыг өдөөх “хүчтэй” бөгөөд эв нэгдлийг илтгэдэг.

Өнгөний сонголтын хувьд мөн л сонирхолтой. Амралт чөлөөт цагаа өнгөрөөх хэсэгт завсрын зөөлөн өнгийг, харин ажлын орчинд эрч хүч, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх тод хирнээ нүдийг ядраахгүй өнгийг тусгайлан сонгожээ.

Хар фон дээрх өвөрмөц хээ нь шинэлэг хэв маягийг илэрхийлнэ.

Хэрвээ өөрийн ажлын байр болон ажлын өрөөгөө шинэчлэхээр зэхэж байгаа бол тус интерьерээс санаа авч, мэргэжлийн дизайнеруудтай зөвлөлдөн хамтран ажиллахыг бид санал болгож байна.

Интерьер дизайныг Гэгээ студи урлав.

Эх сурвалж:  www.interior.mn

© 2021 Gegee Design LLC :: developed by BOLD.Partners